Арван гуравдугаар зууны сүүл үед, чухам
хэзээ гэдэг нь бүү мэд, хэн гэдэг нь ч бүү мэд нэг этгээд Монголын Нууц
Товчооны улс төрийн хамгийн нарийн агуулга бүхий хэсгээс болхи гэгч нь
урж хаяжээ. Энэ цензурдсан хэсэгт 1206 оны зун Монголын Эзэнт Гүрнийг
нэгтгээд, дараагийн 150 жилд дэлхийг ноёрхох засаг төрийг эмхлэн
байгуулахдаа Чингис Хааны хэлсэн үгийг бичсэн байв.
Санамсаргүй алдаа гаргасан уу, эсвэл
санаатай орхисон уу, бүү мэд, урсан хэсгээс үлдсэн "Охин урагтаа
соёрхол өгье” гэсэн ганц богино өгүүлбэрээс юу хасагдсаныг таамаглаж
болохоор байдаг. Урагдсан хэсгийн өмнөх хэсэгт Чингис Хаан өөрийг нь
хаан болоход оруулсан хувь нэмэр, ур чадварыг нь харгалзан хөвгүүд, дүү
нараа, мөн бусад хүмүүсийг албан тушаал, цол хэргэм, газар нутаг, албат
ард тэргүүтнээр шагнаж буй тухай гарна. Гэвч, тэрээр цугларсан олонд
хандан охидынхоо амжилт ололт болон тэдэнд оноох шагналыг зарласан тэр
хэсгийг мөнөөх этгээд номоос тасдан хаясан байдаг. Цензур хийгч, эсвэл
магадгүй засагдсан шинэ бичмэлийг хуулж суусан бичээч тэр сүүлийн богино
өгүүлбэрийг хоёр дахин бичжээ. Магадгүй тэр бичээч үүнийгээ
анзаараагүй, эсвэл ц
ензур хийгч хасагдсан зүйл нь юун тухай болохыг зориуд онцлох гэсэн,
эсвэл учир нь олдохгүй хасагдсан зүйлээр хойч үеийнхнийгээ даажигнахыг
оролдсон бололтой. Зүгээр нэг түүх гэхээсээ илүү Монголын Нууц Товчоо нь
Чингис Хаан Монгол Улсыг үндэслэн байгуулж, улсын үндсэн хуулиудыг
санаачлан баталж, засаг захиргааг зохион байгуулж, эрх мэдлийг хуваарилж
байх үедээ болон амьдралынхаа туршид хэлж ярьж байсан үгнүүдийг нь
баримтжуулан бичсэн байдаг. Энэ нь нэг овог аймаг, түүний удирдагчийн
түүх намтар бөгөөд дэлхийн эзэнт гүрэн болж хувирсан тэр улсын үндэстний
дүрэм буюу үндсэн хууль нь байсан юм. Зөвхөн хааны гэр бүлийн хамгийн
нөлөө бүхий хүмүүс л тэрхүү гар бичмэлийг үзэх эрхтэй байсан болохоор,
нэр нь ч ийм болжээ.
Нууц товчоонд хааны гэр бүлийн амьдралын маш
нарийн нууц зүйлсийн талаар хувь хүний санааг тусгасан байдаг нь бусад
аль ч хаан удмынхны түүхтэй адилгүй. Бичвэрт авгай, нөхөр хоёрын орон
дотроо ярьсан яриа, гэр бүлийн жирийн бэрхшээл, хэн нь хэнтэйгээ унтсан
тухай хэрүүл маргааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байхын сацуу, хожим нь
дэлхийн түүхэнд том үүрэг гүйцэтгэхээ огт мэдээгүй тэр гэр бүл тухайн
үед ямар их айдастай, ямар хүсэл тэмүүлэлтэй байсан талаар дүрсэлсэн
байдаг. Олон үйл явдал, дүрслэлүүд, ялангуяа Чингис Хааны бага насны
амьдрал ямар ч хэтрүүлэггүйгээр бичигджээ. Энэ түүхийг дээдэст долигонон
хоёр нүүр гаргагч биш, харин дэлхийн хамгийн сод хүмүүсийн нэгний
тухай, түүний байгуулсан эзэнт гүрний үнэн түүхийг хадгалж хамгаалахыг
зорьсон нэгэн хүн бичиж тэмдэглэжээ. Гэхдээ энэ нь уг түүхийг хэн дуртай
нь үзэх боломжтой байсан гэсэн үг бишээ.
Монголчууд магадгүй түүхэнд хамгийн
нууцлаг засаг төрийг удирдан явуулж байжээ. Тэд цөөн хэдэн тэмдэглэлийг
монгол хэлээр бичиж хадгалж үлдээсэн бөгөөд аль ч эзлэгдсэн харьяат
албатдаа монгол хэл сурахыг зөвшөөрдөггүй байлаа. Монгол хаад эрдэнийн
чулуу болон эд баялгийг нэг их харамсалгүйгээр үрдэг байсан боловч бичиг
баримтуудаа цоожтой авдранд хийж, харуул манаагаар харгалзуулдаг байв.
XIII зууны үед Персийн түүхч Рашид ад-Дин "Их олон үеийн туршид, тэд
өөрсдийн үнэн түүхийг монгол хэлээр илэрхийлж, бичиж ирсэн агаад ямар ч
эмх замбараа, зохион байгуулалтгүйгээр, бүлэг бүлгээр нь авдарнуудад
тарааж хийгээд гадны хүн, гадны мэргэжилтний нүднээс далд байлгаж, хэнд ч
тэр тухай мэдэх боломж олгодоггүй байв” гэж бичжээ. Бичмэлүүдийг ийн
нууцалж, бас эмх замбараагүй хадгалах нь тухайн үеийн удирдагчдын
зорилго байв. Ийм эмх замбараагүй байхад ч авдрыг хариуцаж буй хүн
баримтууд дундаас хэрэгтэйгээ сонгож олж авдаг, мөн тухайн үеийн улс
төрийн зорилгод нийцүүлэн зарим хэсгийг нууж эсвэл ил гаргаж өгч чаддаг
байв. Хэрэв удирдагч өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаах, эсвэл хэн
нэгнийг шийтгэх шалтаг олох хэрэг гарвал авдар дотроос гэмт хэргийн
нотлох зарим баримт заавал олддог байв. Чингис Хааны адил эртний Монгол
удирдагчид мэдлэг бол тэдний хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг маш сайн
ойлгож, аливаа мэдээллийн урсгалыг хяналттай байлгахыг зохион
байгуулалтынхаа нэг зарчим болгосон юм.
Чингис Хаан архи уухдаа гаргуун, дайн
тулаанд тааруу, өөр ямар ч мэдлэг, чадваргүй өөрийгөө өөгшүүлсэн дөрвөн
хүүгийн эцэг болсон бөгөөд хөвгүүд нь эцгийнхээ эзэнт гүрнийг сүйтгэсэн ч
гэлээ нэр алдар нь түүхэнд хэзээ ч арилахааргүй үлджээ. Чингис Хаан
хэдийгээр охидоо удирдах чадвараараа хөвүүдээсээ давуу болохыг таньж,
тэдэнд эзэнт гүрнийхээ нэлээд чухал хэсгийг үлдээсэн боловч өнөөдөр бид
түүнийг долоо ч юм уу, найм ч юм уу, чухам хэдэн охинтой байсныг нь
хүртэл сайн мэдэхгүй үлдэж. Амьд мэнд байхад нь тэднийг үл тоож чадаагүй
боловч амьдрал, тэмцлийн талбарыг орхисных нь дараа түүх тэдний араас
хаалгаа хааж, олон зуун жилийн тоосонд ул мөр нь арилан балартсан байна.
Тэр Монгол хатад дэндүү өвөрмөц, дэндүү өөр, ойлгоход ч, тайлбарлахад ч
дэндүү хэцүү хүмүүс байсан аж. Тэднийг зүгээр л үл хайхран орхих нь
илүү дээр байсан мэт.
Дэлхий даяар, түүхэнд нөлөө бүхий үе
залгамжилсан хаадын эрх мэдлийн төлөө тэмцлийн хэлбэр нь тодорхой
хэмжээгээр ижил боловч өөр хоорондоо хамгийн түрүүнд хувь хүний сул тал,
хоолны дуршил, сексийн хандлага, шашин шүтлэг болон зан чанарын бусад
нууцлаг өөрчлөлт зэргээр ялгардаг. Харин нэг нь ч Чингис Хааны өв
залгамжлагч охидод оногдсонтой адил хувь заяа таараагүй юм. Аль ч
хаанчлалын үед зарим нэг нь баатар гэгдэн нөгөө хэсэг нь муу нэрийг
зүүж, ихэнх нь хоёуланг нь хослуулах нь бий.
Рашид ад-Дин бичсэнээр "Эдгээр охидын
тухай домог, өгүүлэл олон бий”. Гэвч тэдгээр домог өгүүллүүд алга
болжээ. Магадгүй бидэнд бүх долоо, эсвэл найман охидын тухай найдвартай
мэдээлэл агуулсан баримтууд хэзээ ч олдохгүй байж болох авч, тэдний
олонхийнх нь тухай домог, өгүүллийг дахин цуглуулах боломж бий. Чингис
Хааны бүсгүй өв залгамжлагч нар үе дамжин бие даан улс орноо удирдаж,
зарим үед ах нар болон эрэгтэй үеэлүүдийнхээ засаглалын эсрэг тэмцэх ч
хэрэг гардаг байв. Түүхэнд урьд ч, хожим хойно ч, хэзээ ч эмэгтэйчүүд
тийм олон хүнийг гартаа оруулан захирч, тийм том газар нутгийг эзлэн
сууж байгаагүй билээ.
Чингис Хааны охидын нэр ус үе дамжин
бидэнд ирэхдээ Хятад, Перс, Армен, Орос, Турк, Итали гээд тэдний түүхийг
бичсэн янз бүрийн орны хүмүүс яаж дуудаж байснаас шалтгаалан нэр, цол
алин болох нь мэдэгдэхгүй холилдсон, толгой эргүүлсэн олон дуудлагатай
болсон байдаг. Эх сурвалж бүрт охидын тоо ялгаатай байна. Нууц товчоонд
Чингис Хаан, Бөртэ хоёр түүхэн их эргэлтийн он болох 1206 онд найман
хүргэнтэй байсан гэж, цааш нь хүргэн тус бүр мянган цэргийн захирагч
байсан гэж тодорхойлсон байдаг. Хүргэдийх нь нэрс охидынхоос нь олон
байгаа нь нэг талаас олон удаа ураг барилдсанаас, нөгөө талаас түүний
холын садан төрөлтэй ураг барилдсан хүмүүс өөрсдийн байр суурийг
дээшлүүлж, албан ёсны бүртгэлд Чингис Хаантай ойр болж харагдах гэсэн
оролдлогоос үүдэлтэй.
Монголын түүх бичигчид ба эрдэмтэд хэдэн
үе дамжуулан тэмдэглэл бичих зуураа Чингис Хааны охидын нэрсийг нэг
нэгээр нь гээсээр иржээ. Ийнхүү XYII зууны Буддист түүхчдийн үе гэхэд
охидын тоо нэг болтлоо цөөрч, сүүлдээ тэр охины нэр нь дараа дараагийн
үнэнийг гуйвуулсан түүхийн тэмдэглэлд огт дурдагдахаа больсон юм.
Дөрвөн охин нь эрх сүр бүхий Хатад болон
өөрт ногдсон газар нутгаа захирч, цэргийн том бүлэглэлийг удирдаж
байжээ. Ямар ч байсан нэг охин нь өндөр боловсрол эзэмшиж, өөр хэд нь ч
бас эрдэмтэн мэргэд, сургууль соёлыг сайшаан, шашны болон боловсролын
чиглэлийн бүтээл хэвлэхийг дэмждэг байв. Зарим нь үр хүүхэдтэй болсон
байхад, нөгөө зарим нь үр хүүхэд төрүүлж амжилгүй үхэж үрэгдэж байжээ.
Рашид ад-Дины бичсэнээр хамгийн отгон охиноо "Чингис Хаан бусад
охидоосоо илүүгээр хайрладаг байсан” ба тэрээр аавыгаа нас нөгчсөний
дараа удалгүй ахдаа хорлогдон амиа алдсан байна.
Орд өргөөндөө тэдгээр язгууртан
эмэгтэйчүүд өд, эсгийгээр хийсэн хийц нарийн толгойн өмсгөл гоёл өмсдөг
байв. Энэ нь хоёр фүүт хэртэй өндөр бөгөөд тэднийг эргэн тойрны
хүмүүсээс илүү сүрлэг өндөр болгон, ялангуяа "морь унасан байхад нь
гайхалтай ихэмсэг төрхийг нэмдэг байв”. Тэд энхийн цагт үр хүүхдээ
өсгөж, шаардлага гарвал тэд дайны дуулга өмсөн, нум сум агсан, гэр бүл,
улс үндэстнээ хамгаалахаар мордоно. Хааны удмын Монгол бүсгүйчүүд морь
уралдаж, дайнд цэрэг удирдан, шүүхэд хэрэг шүүж, өргөн уудам газар
нутгийг захирч, заримдаа олны өмнө эрчүүдтэй барилдан хүчээ үзэж явжээ.
Тэд хөрш зэргэлдээх нийгмийн соёлжсон эмэгтэйчүүдийн гивлүүртэй явах,
хөлөө боох, тусгаарлагдаж нуугдах зэрэг ёс заншлыг бардмаар няцаадаг
байв. Ихэнх нь өөрт нь оноосон эртэй гэрлэх ба зарим нь өөрсдөө нөхрөө
сонгож эсвэл бүр хүнтэй суухаас ч татгалздаг байлаа. Тэд тухайн нийгмийн
хууль тогтоомжийг боломжийн гэж үзвэл баримтална, шаардлага гарвал шинэ
хууль тогтоомж ч гаргана.
Чингис Хааны охид байгаагүй бол Монголын
Эзэнт Гүрэн оршин тогтнож чадахгүй байх байсан. Чингис Хаан амьдрал,
тэмцлийнхээ эхэн үеэс л, түүний байгуулж байгаа шиг ийм том гүрнийг нэг
удирдагч дангаараа удирдаж чадахгүй гэдгийг ойлгон мэдэрч байлаа. Урт
хугацаанд оршин тогтнохын тулд харилцан бие биеэ нөхөх үүрэг гүйцэтгэдэг
удирдлагын өөр өөр төвүүдтэй байх шаардлагатай байв. Тэрбээр хөвгүүддээ
байлдан эзэлсэн их гүрнийг нь хамгаалан авч үлдэнэ гэж найдаж чадалгүй,
охиддоо илүү итгэж тэдэнд улам илүү хандах болсон бөгөөд охид нь
Торгоны Зам дагуу хойд Хятадаас Дундад Азийн нутгаар тархан байрлах
хаант улсуудыг захиран сууж байв.
Гэвч, Чингис Хааныг нас бараад удаа ч
үгүй байхад түүний охид руу хаяа хавирганаас нь дайрч давшилж эхэлсэн ба
эхний цохилт бэрүүд дээр буув. Нөлөө бүхий эмэгтэйчүүд бие биенийхээ
эсрэг эхлүүлсэн дайн нь сүүлдээ зөвхөн эрх мэдэл бүхий эмэгтэйчүүдийн
эсрэг дайн болж, байдал улам доройтсон юм. Дараагийн үед нь тэдний
үеэлүүд буюу Чингис Хааны ач нар Их Хааны үлдээсэн тэнцвэртэй эрх
мэдлийн тогтолцоо руу, түүнчлэн түүний охидын удам руу дайрах дайралтаа
улам эрчимжүүлсэн байна.
Монголын эзэнт гүрний эриний ихэнх
үеүдэд буюу 1206-аас 1368 он хүртэл Чингис Хааны Боржигон овгийн
язгууртан эмэгтэйчүүд өөрсдийн эрэгтэй хамаатнуудын явуулж буй төвлөрсөн
засаглалын эсрэг тасралтгүй эсэргүүцэл үзүүлсээр иржээ. Эмэгтэйчүүд
газар нутгаа хамгаалан харийн дайсантай тулалдаж, бүр зарим нь дайнд амь
үрэгдсэн ч гэлээ тэдний охид, ач зээ охид нь Чингис Хааны өвлүүлж
үлдээсэн эрх мэдлээ хамгаалан тэмцлээ үргэлжлүүлсээр байлаа.
Хаан язгуурт эмэгтэйчүүдийн зүй ёсны
байр суурийг үл хайхарч, улмаар бараг үгүй хийснээр Хаант улс доройтож,
улмаар задарч мөхөв. 1368 он гэхэд Монголчууд газар нутгаа алдаж,
ичгүүртэйгээр тал нутагтаа зугтан ирж, урьд урьдынхаасаа ч илүү харгис
хэрцгийгээр дахиад л өөр хоорондоо дайсагнан тэмцэлдэж эхэллээ. Хэрүүл
маргаан, үзэн ядалт, нэг нь нэгийгээ уулгалан дайрах явдал үргэлжилсээр
дахин нэг зуун өнгөрч, 1470 онд санаандгүй шинэ хатан гарч ирэв.
Мандухай Сэцэн хатан хүний хөлд гишгэгдэн дарлагдсан Монголын тугийг
дахин мандууллаа. Тэр Монголчуудын мартагдсан ухамсрыг сэргээв. Тэр
Монгол үндэстнийг буцаан эмхэлж, шинэ төр байгуулав. Гэвч дараа нь өмнөх
Монгол хатадын адил байгуулсан гавьяаг нь хэн ч үл хэрэгсэн, түүнийг
мартаж орхисон юм.
Шөнө сүүтэгнэх галын сүүдэр, манан дунд
сүүмэлзэх уулын бараа адил, үг яриа, бичиг сэлт нь үнэнийг зөвхөн
бүдэгхэн тусгах бөгөөд дангаараа бүхнийг илэрхийлэхэд хэтэрхий багадна,
бас болхидно. Үгийг өөрчилж, үгэнд цензур хийж болдог хэрнээ хэчнээн зөв
бичигдээгүй ч гэсэн үнэн юм үнэнээрээ үлддэг. Үнэн түүхийг мартаж,
орхиж эсвэл гээж болно. Гэхдээ бүр мөсөн хэзээ ч устгаж чадахгүй. Хүн
гараараа үгсийг арилгаж, гар бичмэлүүдийг урж үгүй хийж, эсвэл нэрийг
хусаж болно. Гэхдээ энэ нь зөвхөн хүний дурсамжийг л өөрчилж байгаа
хэрэг юм. Ийн бүдүүлэг авирлах нь баримт нотолгоог сүйтгэх боловч бодит
үнэнийг өөрчлөх боломжгүй. Баримт бичгийн аль нэг хэсгийг урж хаясан ч,
урагдсан, гээгдсэн зүйлийн дүрс, дүр зураг үлддэг. Салхи гарч дээр нь
овоорсон элсийг хийсгэн арилгахыг хүлээн "ҮНЭН” хаа нэгтээ нуугдаж
байдаг юм. Үйл явдал нэгэнт болж өнгөрөхөд, нотолгоо нь хаа нэг газар,
аль нэг хэлбэрээр үлддэг. Газар дэлхий хэзээ ч мартахгүй. Тарж бутарсан
жаахан үнснээс бид нэлээд хугацааны өмнө хүмүүс тэнд гал түлсэнийг
мэддэг. Хоромхон зуур болж өнгөрсөн үйл явдлыг гэрчлэх хүний хөлийн мөр
хатуурсан шавар дотор хэдэн сая жил хадгалагдаж чаддаг. Хүмүүс аль эрт
мартдаг ч газар дэлхий хэзээ ч мартдаггүй.
Бид эрж буй зүйлээ хайхгүй бол бараг л
олохгүй шүү дээ. Бид эдгээр гайхамшигт хатдын талаарх мэдээллийг хайж
эхлэнгүүт нэг зүйлийг ухаарсан юм. Энэ нь юу вэ гэхээр эдгээр хаан
язгуурт хатдын тухай ихэнх баримт нотолгоо нь далд нууцлагдаагүй, ердөө
тэдгээрийг хайхрахгүй орхисон явдал байлаа. Эдгээр язгууртан
эмэгтэйчүүдэд хамааралтай баримт сэлтийг жижиг жижгээр нь Хятадын хааны
ордны дипломат баримтууд, Ватиканд бичсэн захидлууд, Муслимын уран үгт
түүх өгүүллүүд, Арменийн хаан угсааны он тооллын бичээс, Марко Поло
зэрэг худалдаачдын тэмдэглэл, Тао болон Кунфугийн сүм хийдийн хад
чулууны сийлбэр бичиг зэрэг эд зүйлсээс одоо хүртэл олох боломжтой.
Бидний эрлийн зорилго тодорхой болохоор бид Монгол хатдыг Чосерын зохиол
болон Пуччинигийн ари, Персийн гар бичмэл, уран зураг болон Түвдийн сүм
хийдэд өлгөөтэй байдаг торгон танканаас хүртэл олно. Тэнд мөнөөх хатад
өөрсдийг нь дахин олж харахыг л хүлээн найман зууны турш оршсоор л байж.
Энэхүү мартагдсан түүхийг сэргээж,
Монголын Нууц Товчооноос урагдаж алга болсон тэр хэсгийг дахин олж,
гээгдсэн тэр бүлгийг нь тоосноос нь салган, бид долоон зуун жилийн турш
чухам юуг мэдээгүй ирснээ нэг харах гэсэн хүслээр өчүүхэн чармайлт тавин
энэхүү номоо бичлээ. Тэр цензур хийгч түшмэдийн бидэнд уншуулахгүй
гэсэн зүйл юу байв? Бидний мэдэх ёсгүй тэр түүх юун тухай байв? Нэгэн
үеийн нөлөө бүхий түшмэд нуухаас өөр аргагүйд хүрсэн тийм чухал зүйл
байсан юм бол, одоо бидэнд түүнийг эрж хайх нь чухал байхаас аргагүй.