Зар |
|
 |
Цэс |
|
 |
Ангилал |
|
 |
Санал асуулга |
|
 |
Манай сайтад |
Нийт зочин 1 Зочин 1 Хэрэглэгч 0 |
 |
Block title |
|
 |
Нэвтрэх хэсэг |
|
 |
|
Main » 2011 » January » 24 » Чингис хаан Тангудыг довтолсон нь!!!
7:44 PM Чингис хаан Тангудыг довтолсон нь!!! |
Тангуд улсыг Хятадын судар түүхэнд "Ся” (”Ся Улс”), "Да Ся” (”Их Ся”)
гэх мэтээр нэрлэн бичиж иржээ. Харин хожим Алтан улсын туүхэнд "Си Ся”
(”Баруун Ся улс”) гэж бичсэн нь Алтан улсаас салбарласан Зүүн Ся улс
гэгчээс ялгахын тулд тийнхүү нэрлэсэн байна. Хятадын умард нутгийн
хэсгийг голдуу эзэгнэн тогтнож байсан Тангуд улс 1032 онд байгуулагдаж
1227 онд мөхжээ. Газар нутаг нь одоогийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос,
Алашаа, Эзэнээ нутаг болон Нинся, Ганьсу мужийн ихэнхийг тухайлбал,
Хэшигийн хоолойг тэр аяар хамаарч байсан байна
Тангуд улсын тухайн үеийн эзэгнэсэн газар нутгийн байршил маш чухал
дорно, өрнийг холбосон торгоны замын гол зангилаа болж байв. Монголчууд
Тангуд улсыг Хашин улс, ард иргэдийг нь Хашин иргэн, хааныг нь Хашин
хаан буюу Илахуй Бурхан гэх мэтээр нэрлэж байжээ. Тэд өөрсдийгөө дээд
тэнгэрийн цагаан яст улс гэж нэрлэх ч ёс байжээ. Хөх нуураас баруун чигт
Хулан уулаар голдуу савласан Хашин нутгийг хятадаар "Хайши” гэдэг.
Ганьсу мужийн умард зах болох энэ нутгаар одоо хүртэл монголчууд
нутаглаж Хайши-гийн монголчууд гэж нэрлэгдэж байна. Түүхэнд Тангуд улс
хүчирхэгжин явсан бөгөөд 1038 оноос "Да Ся” (”Их Тангуд улс”) гэж
нэрлэгджээ. Тангуд улс ийнхүү хүчирхэг байх үедээ хятадын Умард Сүн
улстай 7 удаа дайтаж, Хятантай хоёр том дайн хийж бас Уйгурыг бут цохиж
Зүрчид, Түвэдтэй дайтаж байжээ.
Тангуд улс түүхээс монголчуудтай ихээхэн холбоотой байлаа. Ялангуяа,
монголын хэрэйд, найман аймагтай хиллэж тэдэнтэй өргөн харилцаатай
байжээ. Тангуд улс мал аж ахуй (тэмээ голдуу), газар тариалан хослон
эрхэлнэ. Газар нутаг нь усжуулапт сайтай, тариа будаа их ургадаг, бас
хөх, цагаан давс элбэгтэй ажээ. Тэд хивс нэхэхээр нэрд гарсан байжээ.
Нийслэл нь Иргай (хятадаар Синчин) хот юм. Тэр үед Тангуд улс
барагцаалбал 60-70 мянган цэрэгтэй байжээ. Ямар ч гэсэн Баруун Тангуд
улстай Чингисийн хийсэн дайн бол урьдаас төлөвлөсөн, тактикийн чанартай
хил залгаа харь улсыг дайлсан анхны тулаан юм. Хятадын түүхийн
зохиолуудад Чингис хаан Тангудыг, цаашлан Алтан улс, Хятаныг дайлсныг
дотоодын дайн гэдэг үзлийг хэвээр баримтлан бичиж, түүндээ ямар ч
үндэслэлгүйгээр нотолгоо хийсэн нь үзэгдсээр байх бөгөөд энэ нь
үндсэндээ буруу үзэл болой.
Чингис Тангудын яагаад эхлэн дайлсан бэ гэвэл хэд хэдэн учир шалтгаантай
байжээ. Түүний гол шалтгаан бол Хятадын умард нутгийн дийлэнхийг эзлэн
тогтож байсан Зүрчидийн Алтан улсыг дайтахын бэлтгэл ажил болсон ажээ.
Өөрөөр хэлбэл Алтан улсыг дайлах цэргийн бэлтгэл сургууль мэт ажил байв.
Юуны өмнө Алтан улсаас Тангуд улсыг салган холдуулах зорилгоор тангараг
тавилцсан холбоог нь тасалж өөрийн талд татан оруулж авах; Тангудын
байршил сайтай нутгийг Алтан улсын эсрэг дайнд ашиглах; Цэргийн агт
морь, унаа уналга, хоол хүнсний дэмжлэг олж авах; ялангуяа Тангудын сайн
чанарын хоёр бөхт улаан тэмээг ихээр олж авч ойрын ачаа тээвэрлэх
хөсөгт ашиглах явдал байжээ. Ер нь тухайн үед Чингис хаанд тангудыг нэг
их хүч гаргахгүй дайл ах таатай нөхцөл бас бүрдсэн байжээ. Юуны өмнө
тангудтай хиллэж байсан хэрэйд, найман зэрэг аймгийг нэгтгэн авснаар Их
Монгол Улсын хил шууд Тангудтай хаяалах болжээ. Хэрэйд, найманчууд
тангудын дотоод амьдралыг сайн мэддэг байжээ. Бас Чингис хаан Дувдад
Азийн худалдаачдаар дамжуулан Тангуд зэрэг улс орны дотоод байдал,
цэргийн хүчин чадлыг байнга тандан мэдэж авдаг байжээ. Шинээр эмхлэн
байгуулсан монголын эрэлхэг морин цэргийг Халх голын орчим нууцаар
сургууллилаж зарим үед тангудын нутагт цөмрөн орж сүр далайлгасан
хээрийн сургууль ч хийлгэж байсан байна.
Чингис хаан тангудыг дайлсан гол шалтгаан тийм байсан боловч дайныг
үүсгэх шалтаг эрж олох хэрэгтэй байжээ. Дайн үүсэх шалтаг бас хэд хэд
байжээ. Юуны өмнө нэг үе эцэг Есүгэй баатрынх нь өшит дайсан болж
түүнтэй байлдаж байгаад ялагдаж тангуд улсад зугатаж очоод амь хоргодож
байсан Хэрэйдийн Гүр ханыг Чингис мартаагүй санаж явжээ. Гүр ханыг
орогнуулсан ял тангудын эзэнд зүй ёсоор оногдох ёстой гэж Чингис үздэг
байжээ. 1203 онд Чингис хэрэйдийг дайлж ялалт байгуулахад Ван хан Тоорил
алагдаж, хүү Сэнгүм зугатаж Тангудад очоод бас тэнд орогножээ. Эдгээр
нь тангудыг дайлах дайны шалтгаан болжээ. Алтан улсыг байлдахын өмнө
Чингисийн цэрэг тангудын нутагт 4 удаа цөмрөн орж дайн тулаан хийжээ.
Хөхөгчин үхэр жил буюу 1205 онд Елюй Аха жанжнаар удирдуулсан цөөн тооны
морин цэргийг Баруун Тангуд улсын хилээр цөмрөн оруулж хил орчим
нутгаар дайн хийлгэжээ. Энэ дайныг «Юан улсын судар»-т тэмдэглэхдээ
"…зөвхөн айлган сүрдүүлэх чанартай дээрэм тонуул хийсэн төдий дайн юм”
гэжээ. Тэр үед тангудын эзэн Чунь Юй (1194-1205) монголын довтолгооноос
нэлээд сайн хамгаалж цэргийнхээ хүчийг зузаатган бэлтгэлийг сайн хийсэн
байжээ. Нийслэл хот Иргайг давхар давхар хамгаалжээ. Цэргийн их хүчийг
монголын цэрэгтэй байлдуулахаар хилийн зүг илгээжээ. Энэ бүхнийг Чингис
хаан урьдчилан тандан мэдэж аваад тийм байдалд тангудтай жинхэнэ дайтах
нөхцөл бүрдээгүй цагт дотоод нутгаар нь гүн цөмрөн орж хий дэмий хүч
тарамдсан дайн хийж болохгүй гэж үзээд цэргээ буцааж татах тушаал
буулгажээ. Тангудын цэрэг дайтахаар ирэхэд монгол цэрэг нэгэнт ухран
буцсан байв. Харин тангудын эзэн хаанаас монголд "тодорхой хэмжээний
алба өргөнө” гэдэг эхний амдалтыг Чингис хаанд хэлүүлсэн байна. Гэтэл
1206 онд тангудын шинэ эзэн Ань-цюнь (1206-1211) болж, шинэ эзэн урьдахь
эзнийхээ амлалтыг умартжээ.
Улаагчин туулай жил буюу 1207 оны намар Чингис хааны цэрэг тангудыг хоёр
дахь удаагаа довтлов. Дайны шалтаг бол амалсандаа хүрч алба өргөсөнгүй,
бас Их Монгол Улсын далай хаанд тоомсоргүй хандсан гэж үзжээ. Гэвч
дайны гол шалтгаан өөр байжээ. Юуны урьд Алтан улсын холбоотон болохгүй
гэдэг амлалтыг тангудын эзэн Ань-цюны амнаас сонсож баталгаажуулах болон
алба өргөх үүргээ тууштай биелүүлэхийг сануулсан явдал байжээ. Бас
өөртэй нь өрсөлдөж нэг жил хаан болсон Ань-цюньд Их Монгол Улсын далай
хааны нэр хүнд түүний их цэргийн сүр хүчийг үзүүлэх явдал байжээ. Гэхдээ
Чингис бас л цэргийнхээ бэлтгэл сургуулийг хангах байдлаар хил орчмоор
хэсэг цэрэг оруулан дайтаж, хий дэмий хүчээ барж болохгүй гэдгийг цэрэг
удирдсан жанжин нартаа тушаасан байжээ. Тэр удаа монгол цэрэг Алагшаан
уул, Хулан уулын орчмоор дайтан явж Чингис хааны даалгавар ёсоор газар
орон, уналга хөсөг хаа байгааг тандан мэдэж авчээ. Тангудын нутагт хагас
жил хүртэл байсан монгол цэрэг Чингис хааныхаа өгсөн захиа даалгаврыг
гүйцэд биелүүлээд 1208 оны зуны аагим халуунаас өмнө нутаг буцжээ.
Чингис хааны зарлигаар монгол цэрэг тангудын нутгаар ийнхүү хоёр удаа
дайн хийжээ. Энэ нь шавар хотын орныг дайлах бэлтгэл байв. Чингис хаан ч
жанжин цэргүүдийнхээ олж ирсэн шинэ соргог мэдээг хэрэйд, найманы
зөвлөх, лалын худалдаачдын өгсөн мэдээ зэрэгтэй харьцуулан үзээд
тэндэхийн байдалд нарийн дүн шинжилгээ хийж, Сэцэдийн зөвлөгөөнөөр
нухацтай хэлэлцүүлсний эцэст тангудыг цэргийн их хүчээр яаравчлан дайлах
нь чухал гэж үзжээ. Учир нь гэвэл Алтан улсыг удахгүй дайтахаас өмнө
тангудыг дайлан өөрийн хөдлөшгүй бат холбоотон болгох нь хамгаас чухал
байжээ.
Ингээд шарагчин могой жил буюу 1209 оны намар Чингис хаан цэргээ биеэр
удирдан ширүүн байлдаан хийж бут цохисноор, тангудын цэргийн жанжин Гао
Лингүнийг олзлон авчээ. Улмаар тангудын цэргийн том боомт Улахай хотыг
эзлэн авч захирагч Сиби овогтыг (Сяньби овогт) бас олзолжээ. Дараа нь
эзэн хааны угсааны улаан залаат түшмэл Веймин Лин гүний удирдсан 50
мянган шилдэг цэргийн хүчийг монголын цэрэг амархан бут цохиж Веймин Лин
гүнийг уран арга хэрэглэн бас барьж авчээ. Энэ Веймин Лин гүнийг
«Монголын нууц товчоо»-нд Аша Хамба гэж бичсэн байдаг. Чингис хаан
хоёрхон сарын дотор өөрийн цэрэгт нэг их хохирол хүлээхгүйгээр том
ялалтыг тангуд улсын нутагт байгуулав. Их Монгол Улсын цэргийн хүчийг
дийлэх аргагүй гэдгийг тангудын эзэн Ань-цюнь нүдээр үзэж биеэр амсжээ.
Энэ үеэр тангудын эзэн Алтан улсаас тусламж гуйхаар элч довтолгожээ.
Алтан улсын хаан тангудын элчийг хүлээн аваад "Дайснууд харилцан
довтолцож байх нь манай улсад ашигтай хэрэг, бид юунд цэрэг гаргаж
туслах билээ” гэж цэргийн тусламж үзүүлэхийг эрс татгалзжээ. Ингэж Алтан
улс, Тангудын хооронд байгуулсан урьдын холбоо бүрмөсөн тасарчээ. Энэ
тухай «Нууц товчоо»-нд өгүүлсэн нь: Хашин улсын Бурхан (эзэн) дагаар
орж, "баруун гар чинь болж хүчээ өгье” гэж Чага нэртэй охиноо Чингис
хаанд авчирч өгөв. Бас Бурхан өгүүлрүүн: "Чингис хааны нэр алдрыг сонсож
айн биширч байв бид. Одоо Сүлдэт биеийг чинь хүрч ирсэнд сүрдэн их айж
байна. Айн сүрдсэн манай тангуд улс баруун гар чинь болж хүчээ өгье.
Хүчээ өгөхдөө бид:
"Байсан газартаа байран нутагладаг
Шавар хотдоо шавалдан суудаг хүмүүс тул
Хурдан аянд түргэн хөдөлж чадахгүй
Хурц дайнд даруй мордож амжихгүй
Хаан Чингис соёрхвол
Хамаг Тангуд улс
Өндөр дэрсний нөмөрт өсгөсөн олон тэмээгээ
Өргөл болгож тусалъя
Өөрийн гараар нэхсэн өрмөг бөс эдээ бэлэг болгож өгье
Арга чадлаар сургасан анч шонхор шувуудын
Аль сайныг хүргэе” гэдгээ өчье гэжээ.
Тангудын бурхан эзэн Ань-цюнь Зүрчдийн Алтан улстай хэзээ холбоотон
болохгүй. Харин та нар Алтан улсыгдайлбал бид тусална гэдгээ өчиж харин
өөрийнхөө угсааны Веймин Лин гүн жанжныг буцааж авах талаар эвийн
хэлэлцээр хийхийг Чингисээс давхар хүсчээ. Чингис хаан хүсэлтийг ёсоор
болгож хааны удмын тэр том жанжин их ял хийсэн ч гэсэн тохитой байлгаж
байгаад буцаасан гэдэг. Тангудын Бурханы үзэсгэлэн т охин Чага-г Чингис
хаан дөрөвдүгээр хатнаа болгожээ. Ингээд Чингис хаан их хэмжээний эд
агуурс, тоо томшгүй олон атан тэмээ голдуу тэмээн сүрэг туун буцсан
байдаг. Тухайн үед тангудыг алба өргөх дуулгавартай хараа: улс болгож
чадсан боловч бүрмөсөн эзэлж засаг төрийг нь мөхөөгөөгүй билээ. Энэ бол
бас л тангудын төрийг түр зуур хүндэтгэн тэдний үнэн эсэхийг шалгах
гэсэн Чингисийн алсын хараат тэвчээртэй бодлого мөн байжээ. Гэвч тангуд
улс бас зүгээр байсангүй. Алтан улстай байлдаж бага завсар элдэв
сиймхийг ашиглан уравлага гаргахад бэлэн болсныг Чингис хаан мэдэж
байжээ. Ялангуяа, амийг нь өршөөн тавьж явуулсан Вэймин Гүн буцаж очоод
Чингисийн эсрэг дайтах ажлыг зохион байгуулжээ. Ингээд Чингис хаан
Хорезмыг дайлахын өмнө шар барс жил буюу 1218 оны хавар тангудыг
дөрөвдөх удаагаа дайлав. Чингисийн цэрэг маш богино хугацаанд тангудыг
номхотгон нийслэл Иргай хотыг бүсэлж, тангудын хааныг цээрлүүлэн Аша
Хамбын омог бардам занг даржээ. Энэ удаагийн дайны гол шалтгаан бол
Хорезмыг байлдахад цэрэг гарган тусална гэсэн амлалтаасаа няцсан хэмээн
тангудын хааныг буруутган дайтсан ажээ.
|
Category: Түүх |
Уншсан: 1811 |
Нийтлэсэн: Neonazist
| Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 3 | |
0 3
heregtei wn (2018-04-05 5:51 PM)
[ Entry]
hicheelde ashiglachilda eh survaljig n bichishde -_-
|
0 2
хан (2012-04-21 8:11 AM)
[ Entry]
nomni yum huulj bichchiheed bas copy dej bolohgui hiitsen bgaa yumaaa kkkekeke
|
0 1
MONGOL UNDESTEN (2011-01-25 6:17 PM)
[ Entry]
Чингис хаан Тангудыг довтолсон нь!!!
|
|
Хайлт |
|
 |
Photo |
|
 |
Цаг тооний бичиг |
|
 |
|
|
|
 |